Алдарт хуурч Түдэвийн нэрэмжит чуулга байгуулна

Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын дагуу боловсруулан батлуулсан “Морин хуур” дэд хөтөлбөрийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргалтай ярилцлаа.

-Хөтөлбөрийг ямар зо­рилгоор хэрэгжүүлэх болов?

-Морин хуур Монголоос өөр газар байдаг гэж дуулсан уу. Энэ бол Монголын оюуны  соёлын хосгүй өв шүү дээ. Гадаадын орчин цагийн олон хөгжим соёл урлагт нэвтрээд ирэхээр морин хуурыг үл тоом­жирлох хандлага бий болоход хүрсэн. Энэ бол буруу. Эгшиг­лэнт хос чавхдаст морин хуураа өсвөр үе, залуу­чууд, иргэд, өрх гэр бүл, хамт олон, бай­гуул­лагад түгээн дэл­гэ­рүүлэх, сурталчлан таниулах, түүгээр дамжуулан үндэсний бахарх­лыг бий болгох, цаашил­бал, эх оронч үзлийг төлөв­шүүлэх зорилт тавьж байгаа юм. Түүнч­лэн Засаг дарга иргэд олон нийттэй уулзаад энэ талаар хэлсэн үгэндээ, зарим айл өрх, байгууллага билэгдэл болгож гэр орон, ажлын өрөө тасалгаандаа морин хуурийг өлгөх төдийнх­нөөр биш эшиглүүлж сурах эзэмшиж дадах, ялангуяа хүү­хэд, өсвөр үеийнхнийг багаас нь морин хууртай харьцуулж сур­гах явдал нэн чухал гэж онцлон тэмдэглээд байгаа нь энэ хөтөл­бөрийн нэг гол зорилго гэж болно.

-Энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтууд тавьж байна?

-Үндсэн гурван зорилт хэ­рэг­жүүлнэ. Нэгд, морин хуур хөгжмийг өвлөн эзэмшсэн би­лэг авьяастан, залгамжлан суралцагч, нарыг бүртгэж суд­лан тогтооё, морин хуурыг дээдлэгч, дэмжигч албан бай­гуул­лага, иргэдийг алдар­шуулъя, бусдад үлгэр дууриал болгохын тулд сурталчилъя, хоёрд, морин хуурын сургагч багш нарыг бэлтгэе, тэдэнд түшиглэсэн сургалтын тогтол­цоо бий болгож, морин хуурч­дын тоог нэмэгдүүлэн, морин хуурын хамтлагуудыг шинээр байгуулъя гэсэн зорилт дэв­шүүлсэн. Гуравт, морин хуурыг зааж сургах, эзэмших, дээдлэх үйл ажиллагаанд бүх нийтийн идэвх санаачлагыг дайчлах  иргэд, эцэг эх, олон нийтийн оролцоог идэвхжүү­лэн хамтран ажиллацгаах, улс, бүс, аймгийн  чанартай морин хуурчдын  урал­даан, наадмыг  зохион бай­гуулах, уралдаан, тэмцээнүүдэд өргөнөөр ам­жилт­тай  оролцох хөдөлгөө­нийг өргөтгөх зорилтыг хэрэгжүүлнэ.

-Булган аймгийн нэг онцлог бол алдарт морин хуурчийн өлгий нутгийнхэн гэдгээрээ бахархдаг л даа?

-Тийм ээ, ахмадуудтай уул­захад, дээр үеийнхний ихэд сонирхдог байсан “бягтруул”-ынхаа “баадуу”-г эргүүлж эр­гүүлж байгаад зүүтэй хушууг дамар буюу пянзан дээр нь тавихаар “Түдэв хуурдаж, Төмөр дуулна” гэдэг байж билээ хэ­мээн тэд дурсан ярьдаг. Тэр бол манай аймгийн Дашинчилэн­гийн хүн л дээ. Анхдагчдын маань нэг. Дэд хөтөлбөрийн зорилт хэрэгжүү­лэх арга хэмэжээний төлөвлө­гөөнд тэр анхдагчаараа бахар­хах, алдар­шуу­лах нэлээд ажил хийхээр оруулсан. Тухайлбал, алдарт морин  хуурч Д.Түдэ­вийн нэ­рэм­жит өсвөр үеийн морин хуурчдын аймгийн урал­дааныг 2014 оноос  эхэлж жил бүр уламжлал болгон зо­хион бай­гуулж хэвшинэ. Айм­гийн хөг­жимт жүжгийн теат­рын дэргэд түүний нэрэмжит морин хуурын чуулга байгуулж чуулгын уран бүтээлээр клип, DVD гаргана. Аймгийн музейд “Улсын анхны алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэв” гэсэн үзмэрийн тусгай булан бий болгож олон нийтэд суртал­чилна. Мэргэжлийн асуу­дал эрхэлсэн яамтай хамтран мэн­дэлсний 115 жилийн ойг то­хиолдуулан түүний нэрэмжит морин хуурчдын улсын  урал­даан зохион байгуулна.

-Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан талаар та сая дурдлаа. Тэр төлөвлөгөөнд орсон ажлуудаасаа заримыг нь товч сонирхуулна уу?

-Дээр дурдсан гурван гол зорилтынхоо чиглэлээр үндсэн арван арга хэмжээ төлөвлөж 40 үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Заримаас нь хэлье л дээ. Морин хуураа эзэмшиж сургахад нэлээд ан­хаа­рал тавьж дугуйлан, сек­цийн хичээлийг өргөтгөхийн зэрэгцээ шавь сургалтаар зааж байгаа иргэдийг  хөхүүлэн дэмжиж, сургагч багш нартай гэрээ байгуулан, тэд нарыг ажиллах орчин нөхцлөөр хан­гаж, урамшуулал олгохын зэ­рэг­цээ шавь сургалтад хам­раг­дагчдын нэгдсэн  тоглолтыг аймгийн төвд  уламжлал бол­гон зохион байгуулж хэвшинэ. Мо­рин хуурыг дэмжигч, дээд­лэгч албан байгууллагыг шал­гаруу­лах болзол гарган, жилд нэг удаа дүгнэн шагнаж, урам­шуулах нь зүйтэй хэж үзсэн. Сумдыг морин хуураар хангах, морин хуур, хувцас хэрэгс­лэлийг хадгалж хамгаалах, эзэмших, шавь сур­галтыг дэм­жиж, урамшуулах тогтолцоог бий болгох, аймаг, сумын ЗДТГ, албан байгуул­лагуудын “Төрийн соёмбот, хүндэтгэ­лийн морин хуур”-ыг цэнгүү­лэх зэрэг хэд хэдэн жур­мыг шинээр гаргана. Мөн мо­рин хуурыг бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгч байгууллагыг сон­гон шалгаруулж, гэрээ бай­гуулах, сургагч багш нарыг мэргэжлийн морин хуураар, морин хуурчдыг хувцас хэ­рэгс­лэлээр хангах арга хэмжээ авна. Сум бүрт морин хуурын хамтлаг шинээр бай­гуулна. Дэд хөтөлбөр хэрэгжүү­лэх аж­лыг. “Авьяаслаг Булган­чууд-шинэ Булганы хөгжилд” уриан доор зохион байгуулна. Энэ уриагаа хэрэгжүүлэх зо­рил­гоор уриалга гаргаж, иргэд олон нийтийг идэвхжүүлэх үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулахаар төлөвлөсөн

-Зарим ажлыг сайхан тө­лөв­­л­ө­чихөөд олон нийтэд мэд­рэгдэхээр үр дүнд хүргэдэг­гүй дутагдал нэлээн байдаг шүү?

-Тийм дутагдал гаргахгүй гэж үзэж болно. Ингэж баттай хэлэхийн учир нь хөтөлбөрт хяналт шинжилгээ, үнэлгээг хэрхэн зохион байгуулах та­лаар тусгай бүлэг оруулсан. Тэр дагуу хөтөлбөрийн хэрэг­жил­тийг  сумын ажлын хэсэг  улирал бүр дүгнэн хэлэл­цэж,тайлан дүгнэлтийг сумын Засаг даргын зөвлөлийн ху­ралд хагас, бүтэн жилээр  та­нилцуулж, хэрэгжилтийг эр­чим­жүүлж ажиллана. Мөн сумын Засаг дарга  нар  жил бүрийн арваннэгдүгээр  сарын нэг­ний  дотор  хөтөл­бөрийн хэрэг­жилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг  сумын ИТХ-ын тэргүү­лэгч­дэд танилцуулж, холбогдох арга хэмжээг авахын зэрэгцээ хя­налт шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг жил бүрийн 11 дүгээр сарын дундуур аймгийн ЗДТГ-т ирүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуу­лах аймгийн ажлын хэсэг то­мил­но. Тэр ажлын хэсгийнхэн хөтөл­бөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танил­цуулж, хэрэг­жилтийг эрчимжүүлэх, хоёр жил тутам хяналт шин­жилгээ үнэлгээ хийж дүнг аймгийн ИТХ-д танилцуулна. Энэ бүх­ний дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын эрч хүчийг байнга идэвх­жүүлэн үр дүнд хүргэх болно

-Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг шуурхай эхэллээ хэмээн иргэд талархаж байна?

-Баярлалаа, энэ бол бид­ний зохион байгуулсан арга хэмжээ олон түмэнд хүрч бай­на гэсэн үнэлгээ шүү дээ. Хэрэгжүүлэх ажлынхаа нээл­тийг хийсэн Энэ үеэр улсын филармоны дэргэдэх “Морин хуур чуулга” болон уг чуулгын  удирдаач, Ардын жү­жигчин, профессор Ц.Бат­чулуун, тус аймагт аж төрөн суугаа ардын жүжигчин цолыг  саяхан хүрт­сэн Н.Дагийранз нар оролцсон нь морин хуурын хөг аялгуу­гаар бахархах, түүнийг сонсч мэдрэх, сурч эзэмших хүсэл тэмүүллийг төрүүлэх болом­жийг өргөьтгөсөн гэж үзэж байна. Хоёрхон чавхда­саараа хорвоог уярааж, хотлыг баяс­гаж дэлхийн соёлын өвд данс­лагдсан монгол түмнийхээ үндэсний  бахархал болсон морин хуураа ард иргэд, нэн ялангуяа өсвөр үе, залуучуудад аялгуулан эгшиглүүлж сургах, эзэмшүүлж дадуулахаар зо­хион байгуулах сургалтын ажлыг ч мөн эхэллээ. Юуны өмнө сургагч багш нарыг бэлт­гэх зорилт тавьсан юм Энэ ажлын гарааг хөдөөгийн Ор­хон сумаас эхэлж бүх суманд зохион байгуул­лаа. Энэ мэтээр хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ шуур­хай зохион бай­гуулна.

Ж.МӨНХ-ОЧИР

 

Эх сурвалж: https://www.zms.mn/a/1720

Бусад нийтлэл

Subscribe to My Newsletter

Subscribe to my weekly newsletter. I don’t send any spam email ever!