Монголын анхны Гавъяат морин хуурч Дондогдоржийн Түдэвдорж
Одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын Лахбагын нутаг дахь Өрхтий хэмээх газар буюу Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны ноён Дондогдоржийн хүү болон 1898 онд төржээ. Түдэвдоржийг есөн настай байхад нь эцэг нь нас баржээ. Аавын хошуу ноёныг залгамжлах эрх оногдож, гүн зэргэмтэй болж үүнээс хойш Түдэв гүний хошуу гэж нэрлэгдэх болсон юм.
Түдэв хүү багаасаа өнчрөл зовлон үзэж, хошууны бичээч Бямбажав, найз нөхөд “Гохой” Даваа, “Зүтгүүр” Дашням болон нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр өсөн өндийжээ. Тэрээр багаасаа их сэргэлэн, нямбай, юмыг хийвэл заавал дуусгадаг, ажилч хичээнгүй чанар нь олон түмнийхээ талархлыг хүлээж байсан юм.
Түдэвийн ээж Цогтдарь хатан халхын сайхан бүсгүй байсан гэдэг. Долоон хошууны Даншиг наадам үзээд явж байхад нь улсууд тойрч шагшин магтаад явуулахгүй байхаар нь “Бүсгүй богино жолоотыг харж ажлаа алдсанаас бурхан бүрэлбаа Богддоо сүсэглэж явбал энэ, хойт насанд чинь хэрэг болох сон болов уу” гэж айлдаж байсан гэдэг.
Дунд голын ногоо нь
Ургасан байтлаа тарьсан юм шиг
Дунжидмаагийн бүсгүй нь
Төрсөн байтлаа зурсан юм шиг… гэж ард түмэн зориулж дуу гаргасан гэдэг.
Түдэв гүн хошуу ноёны ажил гэхээсээ урлагийн замд хөтлөгдөн, Алдарт дуучин Дугаржавын урилгаар Улаанбаатар хогод ирж, 1930 онд “Бөмбөгөр ногоон” хэмээх театрт шалгуулан оржээ. Ингэж Түдэвийн урлагийн зам эхэлсэн юм. Түдэв нь 1933 онд болсон Олон улсын театрын наадамд оролцож, морин хуурын эрдэм чадлыг гаргаж шагнагдсан юм.
Тэр үед “Бөмбөгөр ногоон” театрт алдарт дуучин Дугаржав, аялгуут лимбэчин Маам, Цэрэндорж, Ардын жүжигчин Ичинхорлоо, Хандсүрэн гээд урлагийн алтан үеийнхэн байжээ. Түдэв хуурчид Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, морин хуурч Д.Жамъян, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нар шавь орж байжээ. Д.Түдэв нь Ардын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын зөвлөлийн хамтран хуралдсан 1935.09.25-ны өдрийн тогтоолоор “Улсын алдарт гавьяат” цолоор шагнагджээ.
Д.Түдэв 1930-1938 он хүртэл театрт ажиллаж байхдаа уртын дуу 20, богино дуу 37, хувьсгалын дуу найм, бүгд 65 дууг пянзанд 1934.11.15-нд бичүүлжээ. Тэрээр хөгжмийн урлаг, морин хуураар чадварлаг тоглохын сацуу бичиг соёлын билгүүн их авьяастай байжээ. Түүнийг Оросын Тува улсын Элчин сайдын яамны бичээчээр ажиллуулж байсан юм. Гэтэл Ардын Сайд нарын зөвлөлийн 1938.12.15-ны өдрийн тогтоолоор “хувьсгалын эсэргүү” гэж бүх пянз бичлэгийг нь устгаж, өөрийг нь хэлмэгдүүлэн хороожээ.
Тэр үеийн нугалаатнууд Түдэвийн биөийг хөнөөсөн ч Анхны Алдарт гавьяат хуурч Түдэвийн Аялгуут хуурын чавхдас нь Таван тивийн орноор жонон хараар бөмбөрч Дөрвөн далайн мандлаар уулган шараараа тэшүүлэн явна. Алдарт хуурч Түдэвийн шавь алдарт хуурч Жамъян, Жамъянгийн шавь Ардын жүжигчин Батчулуун, Пүрэвхүү, Батсайхан, Цогтсайхан гээд олон арван морин хуурчид төрөн гарсан юм.
Их Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд, 800 морин хуурчид оролцож, хөгжмийн түрлэг өргөсний дотор түүний шавийн шавийн шавь алдарт морин хуурчид олноор оролцож билээ. Түдэв хуурчийн нэг нутаг Улсын ерөөлч магтаалчдын уралдааны хошой шагналт морин хуурч Соёлын тэргүүний ажилтан Цэндийн Дашжамц гуай ч уг хүндтэй арга хэмжээнд уригдан оролцжээ. Их хуурчийн тухай “Алдарт хуурч Түдэв” гэдэг дуу зохион хууртай магтан дуулдаг.
Төрийн төмөр нударгыг
Түвшин шулуун залалцсан
Түмний газар алдартан
Түдэв гүн дээдэс минь
Морин хуураа уянгалуулсан
Монголын алдарт хуурч аа
Хаан эцгийн сүлдийг
Халхын сайхан эрчүүлээ
Харийн хуулиар гутаагаагүй
Хамгаас дээд ноён минь
Удамт сүргийн хурдыг
Уртын дууны шуранхайг
Уул талаар түгээсэн
Угсаат ноён
Түдэв минь
Морин хуураа уянгалуулсан
Монголын алдарт хуурч
Их хуурчийн хувь заяа, Д.Түдэвийн хэрэг гэгчийг БНМАУ-ын Дээд Шүүх 1963.12.30-нд цагаатгаж, ариун нэр төрийг нь сэргээжээ. Харамсалтай нь их хуурч Түдэвийн тухай театрын музөйд байхгүй. Тийм хүн байсан байгаагүйг нь дарга нь мэдэхгүй байх юм. Энэ хүний талаар мэдэж сурвалжилбал Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Лувсаншарав, УГЗ Хаянхярваа, Ардын жүжигчин Цогзолмаа гуай гээд цөөн хүн үлджээ.
Монголын анхны алдарт их хуурч Д.Түдэвийн дурсгалыг мөнхжүүлэхээр сайхан монгол эрийн морин хууртай хөшөө сүндэрлэж болмоор юм. Шавийн шавь нар нь зохион байгуулаад нэртэй морин хуурчдын зүтгэл санаачлагаар сан байгуулж их хуурчийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө дурсгал сүндэрлүүлье! Гадаад дотоодынхон ч үзсэн ч гэсэн Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын өмнө их хуурчийгаа хууртай нь босгомоор юм.
Тэрнээс биш тэнд Ю.Цэдэнбалын хөшөө байна гэдэг яавч зохисгүй. Энэ бол төрийн ихэс дээдсийн зэрлэг бүдүүлэг алдаа юм. Алдарт хуурч Түдэвийн нэрэмжит морин хуурын чуулга эсхүл Үндэсний дуу бүжгийн чуулга баймаар. Ямар ч байсан монголын их ард түмэн анхны алдар гавьяат морин хуурчийгаа мартах ёсгүй.





